Close
Type at least 1 character to search
Back to top

Австрали улсын Газар зүйн онцлог

Австрали улсын Газар зүйн онцлог

1. Газар зүй онцлог

Австрали хүмүүс
Австралчууд Англи хэлтэй ард түмэн бөгөөд амьжиргааны түвшингээрээ дэлхийд дээгүүрт ордог орны нэг юм. Австралид дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн буюу 180 гаруй орны хүмүүс суурьшин амьдардаг бөгөөд 6 Австрали хүн тутмын 1 нь гаднаас ирсэн болон гадаадад төрж өссөн хүмүүс байдаг. Австралид дээрх олон орны соёлыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ нь үндэсний нэгэн онцлог нөгөө талаас Австралийн маш том давуу тал болж чадсан юм.

Газар зүйн онцлог

Australia

Австрали нь дэлхий дээрх хамгийн том арал болоод хамгийн жижиг тив юм. Австрали нь өмнөдөөс умард хүртэл 3,200 км, баруунаас зүүн хүртэл 4,000 км ба газар нутгийн нийт хэмжээ ойролцоогоор 7,7 сая хавтгай дөрвөлжин км, эргэн тойрондоо Номхон дөлгөөн далай болон Энэтхэгийн далайгаар хүрээлэгдэн байдаг. Тивийн хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 2228 метр ба байгалийн бүсүүд нь цөл, ойт хээр болон ойн бүсүүд эзэлнэ.

Цагийн бүс

Австрали нь цагийн үндсэн гурван бүстэй. Газар нутгийн зарим бүсүүдэд зуны болон өвлийн саруудад цаг шилждэг. Австралийн Зүүн бүсийн Стандарт цагаар (Eastern Standard Time-AEST) бусад мужийн цагийг тогтоох ба Зүүн бүсийн цаг нь Гринвичийн цагаас 10 цагаар түрүүлж явдаг. Энэ цагийг Australian Capital Territory, New South Wales, Victoria, Queensland мужуудад тус тус мөрдөнө. Зүүн бүсийн цагаас 30 минут хасаад South Australia болон Northern Territory, 2 цаг хасаад Western Australia тус тус мөрдөнө. Cидней, Мельбурн, Канберра хотуудын цаг 04-өөс 10-р саруудад Улаанбаатарын цагаас 2 цагаар түрүүлдэг. 11-ээс 3-р сар хүртэл 3 цагаар түрүүлнэ. Брисбен хотод цаг шилждэггүй учир Улаанбаатарын цагаас байнга 2 цагаар түрүүлдэг.
Улирал болон хувцаслалт

Австралид 4 улирал ээлжлэн солигдох бөгөөд сэрүүний улиралд өндөр уулс болон цөлийн бүсүүдэд шөнөдөө 0 хэм хүрдэг. Ихэнх улиралд хувцаслалт бол өөрсдийн сонирхлын дагуу биед эвтэйхэн, хөнгөн, чөлөөтэй загвараар хувцаслах бөгөөд бизнест бол ажил хэрэгч загвараар хувцасладаг.
• Зуны улирал:12 сараас 2 сар дуустал
• Намрын улирал:3 сараас 5 сар дуустал
• Өвлын улирал: 6 сараас 8 сар дуустал
• Хаврын улирал:9 сараас 11 сар дуустал


2. Муж болон бүсүүд

Муж бүс нутагууд

Австрали нь 6 муж 2 бүсэд хуваагддаг. Үүнд: New South Wales, Victoria, Queensland, Western Australia, South Australia, Tasmania гэсэн 6 муж, Capital Territory болон Northern Territory гэсэн бүсүүдэд хуваагдана. Нийслэл хот нь Канберра (Canberra) юм.

States

New South Wales

New South Wales нь Австралийн хүн амын нягтрал ихтэй, үйлдвэржилт сайтай, анхны муж бөгөөд нийслэл нь Сидней хот юм. New South Wales Мужийн Засаг Захиргаа буюу Сидней хотын парламент нь Австралийн хуучин парламентуудын нэг юм. Австралийн хамгийн өндөр уул болох Козиоско ( Kosciuszko) болон түүний үргэлжлэл Цаст (Snowy Mountain) уулыг түшиглээд цанын баазууд байрласан байдаг. Мөн Австралийн хамгийн урт гол болох Дарлин Гол (Darling River) нь мужийн хойд зүгээс эхлэн урсаж баруун өмнөд зүг рүү Маррей (Murray) голтой нийлэн Victoria мужийн хязгаар хүрдэг. Энэхүү мужид олон сайхан далайн эрэг дээрх наран шарлагын газрууд, үндэсний том цэцэрлэгт хүрээлэнгүүд, уран зургийн үзэсгэлэн болон музейнүүд төвлөрсөн байх ба дэлхийн гайхамшиг болсон Sydney Opera House болон Sydney Harbour Bridge энэхүү мужид байдаг. Цаг агаарын хувьд бусад мужтай харьцуулахад харьцангуй таатай тогтмол уур амьсгалтай боловч мужийн баруун хойд хэсгээр маш халуун зүүн хэсгээр сэрүүвтэр цаг агаартай. Та энэхүү мужийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл мужийн Засаг Захиргааны мэдээллийн хуудас болох www.nsw.gov.au сайтаас харж болно.

Victoria

Victoria муж нь Австралийн зүүн өмнөд хэсэгт байрлах бөгөөд мужийн нийслэл нь Мельбурн хот юм. Энэ хот эртний түүхэн дурсгалт барилга байшин, хөшөө дурсгал болон түүх ихтэй хот бөгөөд эртний маягийн амьдралын хэв маягийг хадгалсан зарим жижиг тосгодууд жуулчдын анхаарлыг их татдаг. Victoria мужийн цаг агаар нь баруун болон зүүн хэсгээрээ халуувтар бөгөөд бага зэрэг хувьсамтгай цаг агаартай. Та энэхүү мужийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл мужийн Засаг Захиргааны мэдээллийн хуудас болох www.vic.gov.au сайтаас харж болно.

Queensland

Энэхүү муж нь Австралийн зүүн умард зүгийн захаар байрлах бөгөөд эргэн тойрондоо унаган төрхөө хадгалсан байгалийн үзэсгэлэнт сайхан зүй тогтол бүхий газруудаар хүрээглэгдэн байдаг. Тэр тусмаа Gold Goast хавиар хамгийн сайхан далайн эргийн амралтууд болон Виняа уулын эргэн тойронд байгалийн өвөрмөц зүй тогтол болон хүрхрээнүүд энэхүү мужид оршино. Queensland-ын нийслэл нь Brisbane хот бөгөөд жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг газрын нэг юм. Queensland нь халуун, чииглэг уур амьсгалтай бөгөөд жилийн ихэнх улирлыг усанд сэлж далайн эрэг дээр өнгөрүүлж болно. Та энэхүү мужийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл мужийн Засаг Захиргааны мэдээллийн хуудас болох www.qld.gov.au сайтаас харж болно.

Western Australia

Баруун Австрали нь газар нутгийн хувьд Австралийн хамгийн том муж бөгөөд нийслэл нь Perth хот юм. Хүн амын дийлэнх нь буюу 85% нь мужийнхаа зүүн урд булангаар төвлөрөн амьдардаг ба энэ нь Австралийн нийт хүн амын 10% нь юм Газар нутгийн ихэнх хэсгийг ойн бүс хамрах бөгөөд дэлхийн хамгийн өндөр мод болох карри (karri) энэхүү мужид ургадаг. Та энэхүү мужийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл мужийн Засаг Захиргааны мэдээллийн хуудас болох www.wa.gov.au сайтаас харж болно.

South Australia

Өмнөд Австрали нь өмнө зүгийн төв хэсгээр байрлах ба Australian Capital Territory болон Тасманиас бусад бүх мужуудтай залган оршино. Мужийн нийслэл нь Adelaide хот бөгөөд хүн амын дийлэнх хэсэг нь хотдоо төвлөрөн амьдардаг. Австралийн нийт хүн амын 10 хүрэхгүй хувь нь энэхүү мужид амьдардаг. Та энэхүү мужийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл мужийн Засаг Захиргааны мэдээллийн хуудас болох www.sa.gov.au сайтаас харж болно.

Tasmania

Тасман нь байгалийн унаган төрхөө хадгалсан үзэсгэлэнт сайхан байгаль орчинтой ба ховор амьтан, ургамлаар элбэг Австралийн өмнөд хэсгээр тусдаа байрлах арал муж юм. Тасманын цаг агаар нь баруун хэсэг болох өндөр ууландаа сэрүүн, чийглэг үүлэрхэг байх ба өмнөд хэсэг болон нам дор газрууддаа хуурай халуун байдаг. Та энэхүү мужийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл мужийн Засаг Захиргааны мэдээллийн хуудас болох www.tas.gov.au сайтаас харж болно.

Australian Capital Territory

Энэхүү бүс нь New South Wales мужийн нутагт орших ба Австралийн Хамтын Нөхөрлөлийн Холбооны Төв бөгөөд Австралийн нийслэл хот болох Канберра энэхүү бүсэд байрлана. Карберра хотод Австралийн Төв номын сан болон Үндэсний томоохон музей, Дайны Дурсгалын музей болон Спортын Төв Хүрээлэн энэхүү хотод байрладаг. Цаг агаарын хувьд New South Wales мужтай харьцуулахад бага зэрэг сэрүүвтэр бөгөөд эрэг хавийн мужуудтай харьцуулахад харьцангуй чийгшилт багатай. Та энэхүү бүсийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл бүсийн Засаг Захиргааны мэдээллийн хуудас болох www.act.gov.au сайтаас харж болно.

Northern Territory

Нийслэл хот нь Дарвин ба хамгийн хүн ам багатай бүс бөгөөд Австралийн нийт хүн амын 1% нь энэхүү бүсэд амьдардаг. Хүн амын нилээд хувь нь Австралийн уугуул иргэд болох Аборигенүүд (Aborigines). 2008 оны статистикийн судалгаагаар оршин суугчдын нилээд хувийг 15 хүртэлх насныхан, маш бага хувийг 65 аас дээш насныхан эзэлдэг байна. Нийт хүн амын өсөлтийн хувиараа бусад мужуудтай харьцуулахад эхнээсээ хоёрт орсон байна. Энэхүү бүсэд аялал жуулчлал нэлээд хөгжсөн бөгөөд ялангуяа Какаду Үндэсний Хүрээлэн (Kakadu) болон Улуру Ката (Uluru-Kata Tjuta) Үндэсний Хүрээлэн гадаад дотоодын жуулчдын сонирхлыг ихээр татдаг газрууд юм. Та энэхүү бүсийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл бүсийн Засаг Захиргааны мэдээллийн хуудас болох www.nt.gov.au сайтаас харж болно.


3. Засаг захиргаа

Засгийн газар

Австралийн Засгийн Газар нь 3 шатлалаас бүрдэх бөгөөд үүнд: Австралийн Холбооны Засгийн Газар (Australian Federal Government), Муж болон бүсийн Засгийн Газар (State and Territory Government), Орон нутгийн Захиргаанаас (Local Councils) тус тус бүрдэнэ. Австралийн Засгийн Газар нийслэл хот болох Канберрад (Canberra) байрладаг ба Ерөнхий сайд Julia Gillard -aaр (Жулья Гиллард) удирдуулан үйл ажиллагаагаа Парламентийн Ордонд явуулдаг.

Хууль

Та энэ оронд хөл тавьсан өдрөөсөө эхлэн бие даасан хуулийн этгээд болно. Хэрвээ та ямар нэгэн байдлаар хууль зөрчих юм бол таны тухайн зөрчлөөс хамааран цагдаагийн тэмдэглэлд орох бөгөөд таны визийг хүчингүй болгож энэхүү орноос албадан гаргах хүртэлх арга хэмжээ авч болзошгүй. Хуулийн дагуу та 18 нас хүрээгүй бол тамхи болон архи согтууруулах ундаа худалдан авахыг хориглоно. Австралийн Цагдаагийн ажилтнууд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг бөгөөд тэр тусмаа олон нийтийн газруудаар явж нийтийн хэв журамд анхаарал тавих нь элбэг. Цагдаа нар ямарваа нэгэн асуудал гарахад танд туслахад хэзээд бэлэн байх бөгөөд хамгийн наад зах нь та өөрийнхөө явах чиглэлийн тээврийн хэрэгслийг асуусан ч болно.